Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн Салимоныг оюуны өмчөөр хамгаалжээ

2012-11-29

Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн эмийг оюуны өмчөөр хамгаалж, барааны тэмдэгт олгосон байна. Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага болон доктор, профессор Б.Саранцэцэг нарын зохион бүтээсэн салимон, нефромон эмэнд барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүхий 9164, 9165 тоот гэрчилгээг 2011 оны наймдугаар сарын 17-нд Оюуны өмчийн газрын шийдвэрээр олгожээ. Энэ үйл явдал нь Монгол эрдэмтэд өөрсдийн оюуны бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулж байгаа томоохон ажил гэдгийг доктор, професор М.Амбага ярьж байна.  Ингэснээр тухайн эмийг худалдан авсан хэрэглэгч эмний талаарх санал бодлоо зохион бүтээгч нарт хүргэх боломжтой болж байна.

Салимон эмийг “Монос” эмийн үйлдвэрт үйлдвэрлэн гаргадаг байсан бол маргаашнаас “Тавин ус” компанид үйлдвэрлэн худалдаанд гаргахаар болжээ. Энэ тухай Төрийн соёрхолт, доктор, профессор М.Амбагаас тодрууллаа. 


-Салимон эмийг хэдэн оноос үйлдвэрлэсэн бэ?

-Доктор Б.Саранцэцэгтэй хамтран 1997 онд бүрэн хийж дуусгасан байсан. Харин 2001 онд хэрэглээнд гаргаж, 2011 оны наймдугаар сарын 17-нд Оюуны өмчийн газрын шийдвэрээр барааны тэмдэгтийн  9164, 9165 тоот гэрчилгээг олгосон юм. Би салимон эмийн бүтээлээрээ  Төрийн соёрхолт хүртсэн. Шинжлэх ухаан, оюуны бүтээл туурвилд эрхзүйн хамгаалалт байгаагүй. Анх удаа биечлэн бүтээсэн зохион бүтээгч,  компанийн нэрийн өмнөөс барааны тэмдэгт олгож байна.

-Салимон ямар үйлчилгээтэй юм бэ. Найрлагад нь ямар ургамал орсон бэ? 

-Би 1992 онд говьд явж байгаад энэ эмийг бүтээх санаа олсон. Дархлаа сайжруулах ургамлыг өмнө нь хүнд хэрэглэж байгаагүй. Малд хэрэглэж байсан. Тэгээд амьтанд туршиж байгаад дархлаа сайжруулах салимон эмийг гаргаж авсан. Энэ эмийг хэрэглэснээс хойш 14-21 хоногт үйлчилгээ үзүүлдэг. Тэгээд хоёр сар завсарлаж дахин хэрэглэнэ. Энэ хугацаанд ямар ч гаж нөлөө үзүүлэхгүй. Монголын эм бүтээдэг хүмүүсийн оюуны өмчийн хамгаалалтад цоо шинэ зүйл гарч байна.

Дархлаа дутагдлын өвчин бол дэлхий нийтэд маш түгээмэл. Хамгийн хүнд нь ДОХ юм.  Сүүлийн 50 жилд эрдэмтэд ургамлын гаралтай эм бүтээх гэж маш их хугацаа алдсан. Ингээд иммунал, салимон гэдэг хоёр эмийг гарган авсан юм. Эдгээр эмийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Монголчууд оюуны чадамж сайтай. Гадны орнуудаас хүсэлт ирвэл дэлхийн зах зээлд гаргана. Ер нь аливаа эмийг дэлхийн зах зээлд гаргахад маш нарийн хяналт, шалгалт шаардлагатай байдаг.

-Нефромон эм нь ямар үйлчилгээтэй вэ? 


-Мөн адил дархлаа сайжруулдаг эм. Би ард түмний аман эх сурвалжаас гаргаж  авсан. 1993 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутгийнхан нефромон эмийн найрлагад байдаг нарийн навчит тахилт ургамлыг хавагнасан болон цусаар шээсэн хүмүүст хэрэглэдэг байсан. Бид таван жил амьтанд туршиж бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нефромоныг гаргаж авсан юм. Манай улсад бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Бид яагаад хүндэрсэн хойно нь хагалгаа хийлгэж, үнэтэй эм уух ёстой гэж. Аливаа өвчнийг хүндрэхээс өмнө дархлааны эм бэлдмэл уух хэрэгтэй. Бид Монголын ард түмнийг химийн биш байгалийн гаралтай эмээр хангах зорилготой.

-Спиртийн ургамлаас гаргаж авсан дээрх эмийг хэдэн настай хүмүүс хэрэглэх вэ?

-Бага балчир насныхан хэрэглэж болохгүй. Гэхдээ усан эмийг гаргасан. Удахгүй шахмал хэлбэрийг хийнэ.  Шахмал хэлбэрийг хүүхэд болон жирэмсэн эхчүүд хэрэглэж болно.

-Монголчуудын дунд эмийн зохисгүй хэрэглээ их байна. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

 -Эмийг хүнс шиг хэрэглэдэг болсон үзэгдэл манайд бий. Монголд өнөөдөр зайлшгүй шаардлагатай буюу өргөн хэрэглээний 1400 эм байна. Харин энэ олон эмний эзэн холбогдогч байхгүй байгаа нь харамсалтай. Монголд байгаа бүх эм холбогдох эзэнтэй байх ёстой. Тийм учраас л эдгээр эмийн эзэн нь би байна аа гэж хэлээд байгаа хэрэг шүү дээ.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...